images

2024 оныг "Мазаалай хамгаалах жил" болгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-28


   Манай улс 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарлаж, нэг тэрбум төгрөг төсөвлөөд байгаа билээ. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд судлаачдыг хүлээн авч уулзалт хийсэн байна. Тэд мазаалайг хамгаалахад судлаачдын оролцоог хангах, судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх нь чухал. Ингэснээр байгаль хамгаалах төлөвлөгөөг шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулах нөхцөл бүрдэнэ гэдэгт санал нэгджээ. Мөн салбарын яамны мэргэжилтнүүд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тогтвортой өсгөн үржүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолыг батлуулахаар санал авч, нэгтгэж байгаа гэнэ. Манай улсад одоогоор АНУ-ын Бойсе их сургуулийн зочин судлаач доктор Т.Одбаяр тэргүүтэй судлаачид энэ чиглэлээр ажиллаж байгаа юм. Мазаалай баавгайн тархац нутаг нь өдгөө 1960-аад онтой харьцуулахад тав дахин хумигдаж багассан гэх тоо бий. Мөн 1967 онд мазаалай баавгайг судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байжээ. Иймд байгаль орчны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид өнгөрсөн онд мазаалай баавгайд зориулсан 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжин нүүдэллэдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан байна. Улмаар мазаалай баавгайн үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, үндэсний бахархалт амьтан болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалайн өдөр болгох, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулах зэрэг олон нийтийн анхаарлыг хандуулсан арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.