Дорноговийн алхагчид их говийн 500 км замыг 11 өдөрт туулжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-27
Дорноговь аймгийн явган алхалтын холбооноос Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан өвлийн явган алхалтыг зохион байгууллаа. Тус аялалд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ ахлагчтай Ж.Тулга, Т.Хишигтогтох, Ц.Дэлгэрсуурь, М.Нямсүрэн, Н.Мөнхтуяа, Ц.Мөнхзул, Х.Бямбадорж нарын бүрэлдэхүүнээс гадна Хөвсгөл, Эрдэнэт, Төв аймаг болон Улаанбаатар хотын алхагчид зорьж очин хамрагдсанаар 500 км замыг 11 өдөрт туулжээ. Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдын байгалийн үзэсгэлэнт газрууд, хилийн бүс болон аялал жуулчлалын цогцолбор газраар нар зөв тойрон явсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 23-ны өдөр бариандаа хүрч, алхалтаа өндөрлөсөн байна. Мөн алхагчид туулсан замын сонин сайхнаас цахим хуудсаараа хуваалцаж байснаас сонирхуулбал, тэд алхалтын гурав дахь өдрөө далайн түвшнээс дээш 1053 метрийн өндөрт орших Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг зорьжээ. Баянбогд хайрхан нь төрөл бүрийн мод ургамалтайгаас гадна гадна үнэг, чоно, аргал, янгир зэрэг ан амьтан элбэгтэй ажээ. Уулын ойролцоо байх Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Зүрх, хар овоо нь ан амьтан, мал сүрэг нутаглахад нэн таатай учир уг хайрхныг говийн унаган төрхийг хадгалагч гэж үздэг байна. Мөн аялагчид байгалийн үзэсгэлэнт газрыг зорьж очихдоо зарим үед нэг газраа 1-3 хонож буудаллаад алхалтаа үргэлжүүлсэн байна. Харин энэ талаараа Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ "11 хоногийн турш өвлийн хүйтэнд майханд хонохдоо хонож элсэн манхан, говийн бударгана, хөл шигдсэн элс, хүйтэн салхи, уул хавцал хад чулуу цасан шуургыг үл ажран хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан нэгэн зүгт баяртайгаар алхсан багийн хамт олноороо маш их бахархлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын явган алхалтын холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.