images

Монгол сүмочдын 100 дахь түрүүг Киришима Б.Лхагвасүрэн авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-27


   Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башёд Монголын сүмоч оозэки Киришима Бямбачулууны Лхагвасүрэн түрүүлж Эзэн хааны цомыг хүртлээ. Ингэснээр Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Лхагвасүрэн өөрийн хоёр дахь, монгол бөхчүүдийн 100 дахь түрүүг авав. Тэрбээр аваргын төлөөх барилдаанаа Японы залуу сүмоч Такакэйшотой хийж давсан юм. Мөн энэ жилийн барилдаануудад нийт 62 давсан тул хамгийн олон даваатай сүмочоор тодорлоо. Тэрбээр “Ёомиүри” сонинд “Би эцсээ хүртэл тууштай тэмцэхээр шийдсэн” хэмээн ярьжээ. Тэрбээр анхны түрүүгээ энэ оны гуравдугаар сард хаврын башёгоос авсан юм. Мөн Б.Лхагвасүрэн өнгөрөгч тавдугаар сард оозэки цолонд хүрснийхээ дараа Кирибаяама нэрээ Киришима болгосон билээ. Түүний энэ нэр дэвжээний эзэн Мичинокүгийнх бөгөөд багш нь оозэки цолонд хүрсэн нэгэн хэдий ч нэг башёд түрүүлж байсан аж. Улмаар Киришима долоодугаар сарын Нагоя башёд бэртлийн улмаас гурван өдөр барилдалгүй өнгөрч 6-7 ялалт, ялагдалтай тэмцээнээ өндөрлүүлээд есдүгээр сарын башёгоос эхлэн сайн барилдах болсон байна. Улмаар энэ сарын башёд 13 ялж, хоёр ялагдсан нь шинэ дээд амжилт болсон бөгөөд тэр ирэх оны эхний башёд түрүүлбэл ёкозүна цол хүртэх өндөр магадлалтай. Энэ тухай сэтгүүлчийн асуултад Киришима “Би үргэлж хийж ирсэн шигээ бэлтгэлээ шаргуу хийх болно. Бэлтгэл энэ бүхэнд нөлөөлнө” гэсэн байна.

   Ийнхүү Б.Лхагвасүрэн Монголоос төрөх дараагийн ёкозүна болох гэж байна. Мөн 2002 оноос хойш мэргэжлийн сүмогийн тэмцээнд түрүүлсэн арав дахь монгол боллоо. Тэгэхээр сүүлийн 21 жилийн хугацаанд болсон 126 башёд 26 удаа Японы болон гадаадын сүмоч түрүүлжээ. Монголоос Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж 9, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8, Какирюү М.Ананд зургаа, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр, Киришима Б.Лхагвасүрэн хоёр, Кекүтэнхо Н.Цэвэгням нэг, Ичиножёо А.Ичинноров нэг, Хоошёорюү С.Бямбасүрэн нэг түрүүлсэн байна. Б.Лхагвасүрэн оозэки цол хүртсэн найраа зургаадугаар сард Монголд ирж, төрсөн сумандаа тэмдэглээд буцсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.