Монгол, Оросын хил орчмоос 2477 аргаль хонь тоолжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-15
Монгол, ОХУ-ын хилийн бүсийн аргаль хонины тооллогыг хоёр талаас нэгэн зэрэг энэ сард эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл 13-ны өдрийн байдлаар хоёр улсын хил орчмоос 2477 аргаль хонь тоолсныг БОАЖЯ-наас мэдээллээ. Тархац, тоо толгойг хянаж, бүртгэх энэхүү ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Орчны бүсийн сумуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтарч хил орчмын 111 цэгт хийсэн байна. Тухайлбал, мэргэжилтнүүд Монголын талаас Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрын “А”, “Б” хэсэг, тус орчмын хилийн бүс, Оросын талаас Сайлюгемийн үндэсний паркийн хилийн бүсийн нутаг дэвсгэрт тааралдсан аргалийг нас хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн хуудсанд тоологдсон газрынх нь солбилцлын хамт тэмдэглэжээ. Аргаль хонь нь Алтайн нуруунд 3500 м хүртэл, Өмнөговь, Алтайн өвөр говьд 1100 м-ээс дээш, Хөвсгөлд 1250-2500 м өндөрт нутагладаг амьтан юм. Ингэхдээ зундаа Алтай, Хангайн уулсад мөнх цасны зах хүртэл нүүдэллэн тагийн нуга, царам, ар хажуугаар бэлчиж, өвөлдөө уулын дундаас доош бэл энгэр газарт байршдаг байна. 2021 онд энэхүү тооллогыг явуулахад Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутгаас нийтдээ 4095 аргаль тоолж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.