Б.Шаравын нэрэмжит уралдааны "Гран при" шагналтан Э.Отгонбат 15 мянган доллар хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-11-14
Монгол, Орос, Хятад улсын 120 гаруй уран бүтээлчдийн оролцсон, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан Монгол улсын консерваторид болж өндөрлөв. Уралдааны үндэсний хөгжмийн төрөлд нийт 63 хөгжимчин морин хуур, хуучир, ёочин, ятга, лимбэ, эвэр бүрээ, их хуур, бишгүүр зэрэг хөгжмөөр өрсөлдөхөд эцсийн шатанд долоон хөгжимчин шалгарч үлдсэн байна. Үүнээс тэргүүн байранд Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Э.Цэндсүрэн, дэд байранд Улаанбаатар театрын хөгжимчин Б.Мягмарцэрэн, гуравдугаар байранд Морин хуурын чуулгын морин хуурч Ц.Анхбаяр, тусгай байранд Монгол улсын консерваторийн ёочин хөгжмийн багш Э.Пагма тус тус шалгарчээ. Харин дуулаачид сопрано, меццо сопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар уралдаж, эцсийн шатанд “Чингис хаан” дуурийн Өүлэн эх, Тэмүжин, Жамуха, Ван хан, Хадаан нарын аригаар өрсөлдөхөд тэргүүн байр болон "Гран при" шагналтнаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Отгонбат шалгарч, дэд байрыг ОХУ-ын Мариинский театрын Владивосток хот дахь салбарын гоцлол дуучин Д.Бат-Эрдэнэ, гуравдугаар байрыг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, тусгай байрыг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо нар тус тус эзэлжээ. Сонирхуулахад, уралдааны "Гран при" шагнал 15 мянган доллар бол төрөл тус бүрийн тэргүүн байр 10000, дэд байр 8000, гуравдугаар байр 5000, тусгай байр 1000 долларын шагналтай юм. Мөн Монгол улсын консерваторийн төгөлдөр хуурийн багш Ж.Ариунзаяа "Шилдэг концертмейстер"-ээр шалгарч таван мянган долларын эзэн болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.