images

Тэргэнцэртэй сэлэмний тамирчин Д.Цолмон такси үйлчилгээний компанид захирлаар ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-14


  “UBCab” дуудлагын такси үйлчилгээний компани хөгжлийн ялгаатай хүмүүст таксигаар үйлчлэх, үйл ажиллагааныхаа хүрээгээ өргөтгөж, санхүүжилтийг босгохоор сан байгуулжээ. Тус компанийн удирдлага энэхүү шинээр байгуулсан сангийнхаа гүйцэтгэх захирлаар тэргэнцэртэй сэлэмний тамирчин Д.Цолмонг урьж ажиллуулахаар болсон байна. Д.Цолмон энэ ажлын саналаа өчигдөр хүлээн авсан бөгөөд энэ талаараа манай сайтад “Маш том хариуцлагатай ажлын санал хүлээж авлаа. Тэргэнцэртэй гэдэг нэр зүүснээс хойш бусдад өөрийгөө яаж ойлгуулах, нийгэм яаж хүлээж авах, над шиг хэчнээн хүн байгаа бол,  боломж байвал нэг ч гэсэн хүний өмнөөс дуу хоолойгоо хүргэх юмсан гэсэн бодлоор олон зүйл бодож явснаас, гар бие оролцсон ажил цөөхөн. Ганц чаддаг зүйл нь цахим орчинд идэвхтэй байж, бага ч гэсэн нөлөө үзүүлэх л байлаа. Энэ удаад илүү үр дүнтэй, нийгэм рүү чиглэсэн ажлыг эхлүүлж, бодитоор нөлөөллийг бие болгох боломжтой боллоо” хэмээн ярилаа. Анх 2005 онд нуруу нугасны хавдраас болоод тэргэнцэр дээр суусан түүний хувьд 2009 оноос жил бүр тэргэнцэртэй марафонд оролцож, 2013 онд Монголын Паралимпийн XIII их наадмын 1500 метрийн марафоноос алтан медаль хүртэж байсан төдийгүй 2019 оноос туялзуур сэлэмний спортоор хичээллэж эхэлжээ. Энэ цагаас тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, туялзуур сэлэмний УАШТ-ээс хошой алтан медаль хүртэж, улмаар Азийн наадамд оролцож дэлхийн чансааны 37 дугаарт эрэмбэлэгдэж яваа юм. Мөн тэрбээр морин хуур тоглох, бүжиглэх авьяастай бөгөөд Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-гээр шалгарч байсан удаатай.

   Сонирхуулахад, “UBCab” дуудлагын такси үйлчилгээнд идэвхтэй явдаг жолооч нар сайн дураар нэгдэж, орлого бүрээсээ нэг хувийг хөгжлийн ялгаатай хүмүүсийн зорчих хэрэгцээнд зориулсан уг санд хандивлаж, тухайн иргэдийн дуудлагын такси үйлчилгээний хэтэвчийг нь цэнэглэж өгөх ажээ. Мөн сангийн үйл ажиллагааг дэмжихээр иргэн, аж ахуй нэгжүүд ч хандивт оролцох боломжтой гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.