images

Монголоос нүүдэллэсэн хун шувууд Шар мөрөнд хүрлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-09


   Өвөл болохоос урьтаж Монгол, Сибириэс нүүдэллэсэн сүрэг хун хэдэн мянган км замыг туулан Хөнань мужийн Санмэншя хотод очсоныг Хятадын хэвлэлүүд өчигдөр мэдээлэв. Хунгийн сүрэг Шар мөрний сав дагуух 26 мянган га талбай бүхий намагт өвөлждөг ажээ. Энэ тухай Санмэншя хот дахь Хунгийн амьдрах намгархаг газрын хамгаалалтын төвийн шувуу бөгжлөх суурингийн дарга Гао Руи “Гучин хун бүхий сүргийн эхний цуваа аравдугаар сарын эцсээр энд ирсэн. Араас нь илүү олон хун ирж яваа” хэмээн “Peoples Daily China” өдөр тутмын сонинд ярьсан байна. Мөн Хятадын төв хэсэгт орших Хөнань мужийн Санмэншя хотын хоёр сая иргэн хунгийн амьдрах орчныг хамгаалахад ихээхэн анхаарал тавьдаг аж. Тухайлбал, хунгийн сүрэг нүүдэллэн ирэхийн өмнөхөн буюу аравдугаар сарын дундуур нутгийн сайн дурын ажилчид, байгаль орчны ажилтнуудтай хамтран хунгийн амьдрах намгархаг газрыг халдваргүйжүүлжээ. Улмаар тус газрын ойролцоо тээврийн хэрэгсэлтэй явахыг хориглоод байна. Энэ хоригийг ирэх оны гуравдугаар сарын эхээр буюу хунгийн сүрэг буцан нүүдэллэх үеэр цуцлах юм. Тус хот жил бүр ийнхүү тээврийн хэрэгсэлд хориг тавьж шувуудын аюулгүй, амгалан амьдрах орчныг бүрдүүлдэг ажээ. Учир нь, Санмэншя хотын Хун хамгаалах сайн дурын нийгэмлэгийн дарга Жан Мингюн “Хун бол манай хотын шувуу болохоор яг л бидний төрсөн хүүхэд шиг санагддаг” хэмээжээ. Тэрбээр хун шувуудын зан авирыг ажиглаж, гэрэл зургийг нь дарж, хотын оршин суугчдад уг шувууг хамгаалах тухай мэдээлэл түгээдэг бөгөөд хунгуудын дотор хамгаалалтад гардаг хамгаалагч хун байдгийг олж мэдсэн гэнэ. Түүнчлэн хунгийн хот Санмэншя жил бүрийн 11 дүгээр сарын 22-ныг “Цагаан хунгийн өдөр” болгон тэмдэглэдэг ажээ. Мөн тус хот шувуудын тухай журам баталсан Хятадын анхны хот юм. Ингэснээр хорин жилийн дотор тус хотын намгархаг хэсэгт амьдардаг шувуудын зүйл 175-аас 316 болж нэмэгджээ. Үүгээр зогсохгүй тус хотод өнгөрөгч онд 16 мянган хүн өвөлжсөн нь Хятадад өвөлждөг нийт хунгийн талаас илүү хувь байсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.