Баянхонгор: Ингэний сүүний үйлдвэр ирэх сард ашиглалтад орно
Чихэнд чимэгтэй
2023-11-08
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт баригдаж буй ингэний сүү боловсруулах үйлдвэр ирэх сарын 10-ны дотор ашиглалтад орохоор болжээ. Тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү бөгөөд үйлдвэр нэг цагт 500 литр буюу өдөрт 4 тонн сүүг хатаах хүчин чадалтай. Сүүний олдоц сайн үед 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой ажээ. Улмаар бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх гэнэ. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй 3713 м.кв талбайн 409 м.кв нь ингэний сүүний үйлдвэр агаад хүлээн авах, бэлтгэх, хатаах, савлах, уур үүсгэх, дотоод хяналтын лаборатори гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм. Одоогоор үйлдвэрт Шанхайн компаниас авчирсан 28 нэр төрлийн 30 гаруй багц тоног төхөөрөмжийг БНХАУ-ын сүүний үйлдвэрийн инженер техникийн ажилчид угсарч байна. Улмаар ирэх сарын 10-ны дотор угсралтыг бүрэн дуусгаж, эхний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Баянхонгор аймаг 2021 онд “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм. "Үйлдвэр байгуулснаар тэмээтэй малчин өрхүүдийн орлого нэмэгдэж төв, сумдад байнгын ажлын байр бий болж, аймгийн тэмээн сүргийн тоо толгой өснө" хэмээн Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хишигбаатар манай сурвалжлагчид ярилаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.