“Duolingo” уэльс хэлний хичээлийн хөтөлбөрөө дахин шинэчлэхгүй
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
Гадаад хэлний сургалтын “Duolingo” компани уэльс хэлний хичээлээ зогсоохоор болж, хөтөлбөрөө дахин шинэчлэхгүй болсноо зарлалаа. Энэ хэлээр Уэльс, Английн хилийн тосгон, Аргентиний Чубут мужийн цөөн иргэд харилцдаг бөгөөд англи хэлнээс ондоо, 906 мянган хүн ярьдаг, дэлхийд ховордож буй хэл юм. Уэльсийн 2022 оны хүн амын судалгаагаар тэндхийн иргэдийн ердөө 29.5 хувь нь энэ хэлээр ярьдгийг тогтоосон байдаг. Гэхдээ 2020 онд уг хэлийг “Duolingo” аппликэйшнээс суралцдаг хүн Англид олон байжээ. Өөрөөр хэлбэл, Англиас “Duolingo” аппликэйшнийг ашиглан гадаад хэл сурдаг хэрэглэгчдийн түгээмэл суралцаж байсан ес дэх хэл нь уэльс байв. Мөн дэлхий даяар 2021 онд тус аппликэйшнээс 1.62 сая хүн уэльс хэл сурч байсны 400 мянга нь идэвхтэй сурч байсан аж. Харин одоогийн байдлаар 658 мянган хүн энэ хэлийг “Duolingo” аппликэйшнээс сурч байгаа гэнэ. Түүнчлэн уэльс хэлний курсийг нээснээс хойш хоёр сая гаруй хүн уг хэлийг сурахаар тус платформ дээр эхлүүлсэн байна. Гэвч “Duolingo” компанитай хамтран ажилладаг Их Британийн Уэльс хэлний үндэсний төв ирэх 11 дүгээр сараас эхлэн тус хэлний хичээлийг дахин шинэчлэхгүй болсонд уг хэлийг суралцагчид өргөдөл гаргажээ. Тэд “Уэльс хэл сурах нь зөвхөн Их Британид чухал биш. Энэ ховор хэл Уэльсийн соёлыг хөгжүүлэхийг хүсдэг хүмүүст ч мөн чухал” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Үүний хариуд “Duolingo” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Уэльс хэлний курс бол аль хэдийнэ бидний бүтээсэн цогц курс болж чадсан. Энэ курс цаашид бүх хүмүүст үнэ төлбөргүй хэвээр байж уэльс хэлийг шинээр сурах хүсэлтэй, хэлний түвшнээ ахиулахыг хүсч буй хүмүүст нээлттэй байсаар байна” хэмээлээ. Тус компани испани, франц, герман зэрэг хүмүүс хамгийн олноор сурдаг хэлний хөтөлбөрүүддээ анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.