Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойн Монголоор дамжин өнгөрөх хэсгийг ирэх онд барина
Чихэнд чимэгтэй
2023-10-27
Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх зорилготой “Сибирийн эрчим хүч 2” байгалийн хий дамжуулах хоолойн нэг хэсгийг Монголын нутагт барих тухай олон жил ярьж буй билээ. Тэгвэл манай орны газар нутгаар дамжин өнгөрөх тус байгалийн хийн хоолойн барилгын ажлыг ирэх оны эхний улирал эсвэл эхний хагас жилд эхлүүлэхээр болсныг ОХУ-ын Тасс агентлаг мэдээллээ. Тус улсын дэд сайд Викториа Абрамченко энэ тухай Улаанбаатарт болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа “"Сибирийн хүч-2"-ын Монгол дахь хэсэг болох "Союз Восток" хийн хоолойн зураг төслийн баримт бичгийг ирэх оны эхний улиралд батлах төлөвтэй байна” гэжээ. ОХУ нь сүүлийн жилүүдэд эрчим хүчний экспортоо Европоос Ази руу чиглүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар “Сибирийн эрчим хүч 1” хийн хоолойгоор Хятад руу байгалийн хий экспортолж байна. Тус улс Хятад руу нийлүүлж буй байгалийн хийн хэмжээгээ 2025 оноос жил бүр 38 тэрбум шоо метр болгох зорилготой байгаа ажээ. Харин “Сибирийн эрчим хүч 2” хоолойг барьснаар хойд хөршөөс өмнөд хөршид жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломж бүрдэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.