images

Монгол улс дэлхийд авьяас, ур чадвараар 64 дүгээрт эрэмбэлэгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   2023 оны Дэлхийн авьяас, ур чадварын тайланд манай улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 64 дүгээрт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 63 дүгээрт эрэмбэлэгдлээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлж буйгаар тус тайланд Швейцар улс тэргүүлж, Люксембург, Исланд, Бельги, Нидерланд зэрэг улсууд эхний тавд жагсжээ. Түүнчлэн АНУ 15 дугаарт, БНХАУ 41 дүгээрт, Япон улс 43 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин манай улстай ойролцоо буюу 62 дугаар байранд Венесуэл, 63 дугаарт Бразил улсууд тус тус орсон байна. Манай улсын хувьд ерөнхий үнэлгээ нь 23.18 байсан бөгөөд энэ нь өнгөрсөн оноос хоёр байр ухарсан үзүүлэлт юм. Швейцар дахь “Дэлхийн өрсөлдөх чадварын төв” болон “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс гаргадаг тус тайланд улс орнуудыг үнэлэхдээ үндсэн гурван бүлгийн хүрээнд мэдээллийг ашигладаг бөгөөд үүний дотор боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог байна. Энэ жилийн авьяас, ур чадварын үнэлгээний тэргүүлэгч орнууд нь ерөнхий боловсролын хичээлээс илүү мэргэжлийн сургалт, дагалдан сургахыг чухалчилдаг улсууд байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.