Ташкентад Монголын элчин сайдын яам нээгдэнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-11
Монголын элчин сайдын яамыг Узбекистан улсын нийслэл Ташкентэд нээн ажилуулахаар болжээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, энэ шийдвэрийг гаргасан байна. Засгийн газраас элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулах бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгажээ. Узбекистаны Самарканд хотноо өнгөрсөн онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол, Узбекистан улсын ерөнхийлөгчид уулзаж, дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр тохиролцсон байна. Улмаар гадаад харилцааны сайдын Узбекистанд өнгөрсөн гуравдугаар сард албан айлчлал хийх үеэрээ Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Манай улс тус улсад элчин сайдын яамаа нээснээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад худалдааг нэмэх, гадаад харилцааг эдийн засагжуулах боломжтой юм.
Монгол улс түүхэндээ 1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Узбекистаны нийслэл Ташкентэд Ерөнхий консулын газар нээн ажиллуулж байсан түүхтэй. Улмаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм. Гэвч 1994 онд Ерөнхий консулын газрыг татан буулгаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.