Катар: Тархины үхжилттэй хүүхдийн бөөрийг насанд хүрсэн өвчтөнд шилжүүлэн суулгав
Анд нөхдийн мэдээ
2023-10-11
Катарын эмч нар тархи нь үхэжсэн хүүхдийн бөөрийг 48 настай өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгажээ. Эцэг, эх нь хүүхдийнхээ тархи нь үхжиж буй тухай мэдээг эмчээс дуулсан даруйдаа бөөрийг нь хандивлах санал эмнэлэгт тавьсан байна. Учир нь, тус улсад эрхтний донорын бүртгэл эрчимтэй хөгжиж, энэ талаар хүмүүсийн ухамсар сайн байгаа юм. Тухайлбал, одоогийн байдлаар Катарын эрхтэн хандивлах төвд 500 мянган хүн донороор бүртгүүлсэн байна. Энэ нь тус улсын насанд хүрсэн хүн амын 25 хувь нь донор болохоор бүртгүүлсэн гэсэн үг юм. Жил ирэх тусам иргэд донор болохоор бүртгүүлэх нь нэмэгдэж байгаа бөгөөд 2021 оноос хойш донорын тоо 10.9 хувиар өсчээ. Тэгвэл донорын төвд бүртгүүлсэн иргэд донорын карттай болж, тус карт нь тухайн иргэнийг нас барахад эрүүл эрхтэнийг нь авч өвчтөнд шилжүүлэн суулгах боломжтой гэдгийг батлах баримт болдог ажээ. Дэлхийн улс орнуудад донор хайж байгаа өвчтний тоо олон байдаг бол Катарт донорын тоо олон байна. Тус улс 2022 онд бөөр шилжүүлэн суулгах 41 мэс заслыг 100 хувь амжилттай хийжээ. Ингэхдээ 25 амьд донор, 16 тархины үхжилттэй донороос бөөрийг нь авч өвчтөнд шилжүүлэн суулгасан байна. Харин энэ онд бөөр шилжүүлэн суулгах 24 мэс засал хийжээ. Ингэхдээ 15 амьд, тархины үхжилттэй есөн донороос бөөрийг нь авсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.