Дэлхийн хамгийн анхны арван их сургууль
Анд нөхдийн мэдээ
2023-10-11
Дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй их сургууль бол МЭ 859 онд муслим эмэгтэй Фатима аль-Фихригийн байгуулсан Аль-Каравийн их сургууль юм. Өнөөгийн Марокко улсын нутаг дэвсгэрт орших тус сургуулийг өөрөөр Аль-Карауин гэдэг бөгөөд 1164 жил болж байна. Үүний дараа 970 онд Египетийн Каир хотод байгуулсан Аль-Ажар их сургууль ордог. Анх Исламын шашны суннит урсгалын гол сургууль байсан бол одоо шашнаас ангид хичээл заах болжээ. Гуравдугаарт, 1088 онд Италид байгуулсан Болоньягийн их сургууль ордог. Энэ бол Европын хамгийн эртний их сургууль юм. Харин үүний дараа 1096 онд байгуулагдсан Оксфордын их сургууль орно. Оксфорд нь дэлхийн хамгийн эртний их сургуулийн музей, хамгийн том их сургуулийн хэвлэлтэй гэдгээрээ алдартай. Тэгвэл тавдугаарт, 1134 онд байгуулсан Испанийн Саламанса их сургууль орно. Испани хэлтнүүдийн анхны их сургууль болох Саламанса нь анх институт байж байгаад их сургууль болж тэлсэн дэлхийн анхны их сургууль ажээ. Ингээд дэлхийн хамгийн эртний их сургуулиудын зургаадугаарт, 1209 онд Оксфордоос салан байгуулагдсан Кэмбриж жагсана. Тус сургуулийн дараа 1222 онд Болонья их сургуулиас тасран бий болсон Падуа их сургууль ордог. Наймдугаарт, мөн л Италийн их сургууль орно. Тус сургуулийг 1224 онд Ромын эзэн хоёрдугаар Фредерик байгуулж дэлхийн анхны олон нийтэд нээлттэй их сургууль болгожээ. Есдүгээрт, 1229 онд байгуулагдсан ч 1793 онд Францын хувьсгалын улмаас сүйдсэн Тулузын их сургууль ордог. Харин аравдугаарт, Португалийн Коимбра их сургууль орно. Тус сургуулийг анх 1290 онд Лиссабонд байгуулсан ч 1537 онд Коимбра хот руу нүүлгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.