"Этгээд" кино Чикаго хотын кино театруудад гарна
Чихэнд чимэгтэй
2023-10-10
Олон улсын зах зээлд "Aberrance" нэрээр танигдсан Монголын “Этгээд" кино АНУ-ын Чикаго хотын кино театруудаар гарах гэж байна. Энэ сарын 11-ний өдөр болох тус киноны албан ёсны нээлтэд ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон АНУ-ын “Three flames pictures” компанийн продюсер Тревор Морган Дойл, Б.Дөлгөөн нар оролцоно. Мөн кино багийнхан энэ сарын 5-ны өдөр Лос-Анжелес хотноо болсон аймшгийн болон зөгнөлт төрлийн киноны "HorrorCon-2023" арга хэмжээнд оролцжээ. Уг дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах эрхийг "Three flames pictures" компани авсан ажээ. “Этгээд” уран сайхны кино нь өнгөрсөн онд "Улаанбаатар" олон улсын кино наадамд шилдэг киногоор шалгарч, найруулагч Б.Баатар нь шилдэг найруулагчийн шагнал хүртсэн билээ. Мөн 2022 оны есдүгээр сард Германы Олденбургийн олон улсын кино наадмаас “Өвөрмөц зоримог шийдэл” төрөлд шагнал хүртсэн юм.
Найруулагч Б.Баатар нь “Сайн, муу, хэрцгий”,” Ар хударга”, “ Зангараг”, “Үргээлэг-2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” зэрэг Монголын уран сайхны кинонд ерөнхий зураглаачаар ажиллаж байжээ. Мөн түүний ажилласан “Хийморь” кино нь Германы Олденбургийн наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэж, “San Diego International Film Festival”-ийн шилдэг киногоор шалгарч байсан юм. Мөн Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч байсан билээ.
Эх сурвалж:Чикаго хот дахь Монголын консулын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.