images

Хятад жуулчид Японд очиж сүши идэх болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-09


   Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хөргүүрийн усны цацраг идэвхийг цэвэрлэж Номхон далайд асгасны улмаас өмнөд хөрш Японоос далайн бүтээгдэхүүн импортоор авахаа хориглосон билээ. Тэгвэл энэ хоригийг эсэргүүцэж буй хятадууд Япон руу аялж, сүши идэх болсон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт дууссан Хятадын үндэсний баярын найм хоногийн амралтын үеэр Японд аялж Токиогийн Гинза дүүрэгт дэлгүүр хэсэж явсан Жөжян мужийн 40 настай эмэгтэй “Би өдөр бүр сүши иддэг. Загасыг хаанаас барьсан нь надад хамаагүй” хэмээн “Майничи” сонинд ярьжээ. Мөн тэрбээр “Би Фүкүшимагийн усан дахь тритиумын хэмжээ олон улсын аюулгүй байдлын стандартаас доогуур байгаа гэж ойлгосон” гэсэн байна. Түүнчлэн Шаньдун мужийн Чиндао хотоос ирсэн жуулчин Ли Пэй цацраг идэвхээс нь ангижруулсан ус учраас огт санаа зовохгүй байгаа гэдгээ хуваалцжээ. Харин Жөжян мужаас Японд очсон жуулчин эмэгтэй Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Фүкүшимагийн усны хор хөнөөлийг онцолж, нэг талыг баримталсан мэдээлэл хүргэж буй бөгөөд Хятадад тийм ч олон хүн хилийн чанадаас олж авсан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах чадваргүй байгааг онцлон дурдсан байна. Хятадын үндэсний баярын үеэр тус улсаас Япон руу хийсэн бүх нислэг дүүрэн хүнтэй байсныг Японы агаарын тээврийн компаниуд мэдээлсэн бол аяллын автобусны компаниуд хятад залуус илүү чөлөөтэй сэтгэлгээтэй байж, бие даан тус улсад аялах нь их байгааг онцолжээ. Мөн Хятадын “Baidu” хайлтын систем дээр өнгөрөгч амралтын өдрүүдэд аялагчдын хамгийн их явахыг хүссэн чиглэл нь Япон улс байсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.