images

Холын зайд гүйгчдийн дэлхийн дээд амжилтыг 39 секундээр ахиулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-09


   Дэлхийн зургаан том марафоны нэг Чикагогийн марафонд оролцсон Кенийн тамирчин Келвин Киптум 42.2 км замыг 02:00:35 цагт туулж дэлхийн дээд амжилтын эзэн боллоо. Түүний өмнөх дээд амжилтыг нутаг нэгт тамирчин Элиуд Кипчогэ нь эзэмшиж байв. Ирэх жилийн Парисын Олимпод оролцож гурван Олимпын наадамд түрүүлсэн анхны холын зайн гүйлтийн тамирчин болох зорилго тавиад буй Э.Кипчогэ нь 2022 оны Берлиний марафонд 2:01:09 цагт барианд орсноор өмнөх амжилтыг эзэмшиж байсан юм. Тэгвэл шинэ амжилтын эзэн, 1999 онд төрсөн 23 настай К.Киптум NBC телевизэд “Би хэзээ нэгэн өдөр дэлхийн дээд амжилтыг эзэгнэгч болно гэдгээ мэдэж байсан. Гэхдээ өнөөдөр дэлхийн дээд амжилт гэдэг миний санаанд багтахгүй байна” хэмээн ярьжээ. К.Киптум сүүлийн арван сарын хугацаанд гурван том марафонд гүйж, тэр бүртээ амжилтаа ахиулсан юм. Тэрбээр 2022 оны 12 дугаар сард Испанийн Валенси хотод 2:01:53, дөрөвдүгээр сард Лондонд 2:01:25 цагт бариандаа оржээ. Ингэснээр тэр саяын дээд амжилтын хамт 42.2 км замыг хамгийн богино хугацаанд туулсан дэлхийн дээд зургаан амжилтын гурвыг эзэмшигч болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.