Азийн наадмаас хүртсэн монголчуудын арвин их амжилт
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Хятадын Ханжөү хотноо болсон 19 дэх удаагийн Азийн наадам өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай 430 гаруй тамирчин хүч үзэж нийт 21 медаль эх орондоо авчрав. Тухайлбал, монголчууд анх удаа Азийн наадмаас багийн спортын төрөлд буюу 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнээс медаль авав. Тус тэмцээнээс эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртлээ. Мөн Монголын тамирчин анх удаа байт харвааны тэмцээнээс медаль авч, авах авахдаа алтан медаль хүртэв. Түүнчлэн бөөн гараатай дугуйн уралдаанаас 19 жилийн дараа хүрэл медаль авлаа. Манай тамирчид спортын 40 төрөлд болсон тус тэмцээний 35 төрөлд өрсөлдөж жүдо, кураш, жюү жицү, чөлөөт бөх, бокс, буудлага, ДОТА2, байт харваа, дугуйн уралдаан, 3х3 сагсан бөмбөг гэсэн арван төрлөөс медальтай ирэв. Улмаар Монгол улс гурван алт, таван мөнгө, 13 хүрэл нийт 21 медальтайгаар Азийн 45 орноос медалийн тоогоор 15, чанараар 22-д орсон юм. Наадамд оролцсон тамирчдын амжилтыг хүйсээр нь авч үзвэл Монголын 12 эрэгтэй тамирчин гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авч энэ үзүүлэлтээр 14 дүгээрт жагссан байна. Харин эмэгтэйчүүд нэг мөнгө, зургаан хүрэл медаль авсан амжилтаар 21 дүгээрт оржээ. Түүнчлэн жүдо бөхийн багийн холимог багийн төрлөөс хүрэл медаль авснаар холимог багийн тамирчид нь медаль авсан 19 улсын нэг боллоо. Мөн медаль хүртээгүй ч усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн анх удаа Азийн наадмын эцсийн шатанд медалийн төлөө өрсөлдөж наймдугаар байрт орсон Монголын анхны тамирчин болсон юм. Улмаар усанд сэлэлт, хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдсөн тамирчид бүгд үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Харин Азийн наадмыг медалийн тоо, чанараар Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг илт илүүрхсэн бол дөрвөн улс нэг ч медаль авч чадалгүй наадмыг дуусгав. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар ажиллаж, Монголын багийн штаб 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт баг тамирчдын зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол зохион байгуулах хорооноос томилсон сайн дурын 15, тээвэр хариуцсан 7 ажилтан манай баг тамирчдад үйлчилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.