Өвөр Монголд суралцуулах монгол оюутны тоог нэмнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-05
Өвөр Монголын намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн манай улсад таван өдрийн айлчлал хийж байна. Сүнь Шаочэн нь Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар төлөөлөгчдийн хамтаар манай улсад ирж, өчигдөр БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын удирдлагуудтай уулзаж, цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Үүний дотор Монголын оюутнуудыг Өвөр Монголд суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ирэх оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлэх уг хэлэлцээрээр Өвөр Монголын их дээд сургуулиудад 200 оюутныг бакалавр, 40 оюутныг магистр, 20 оюутныг докторт суралцуулахаар болжээ. Мөн өнөөдөр Өвөр Монголын төлөөлөгчид ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, ЕТГ-ын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах юм. Сонирхуулахад, БНХАУ-ын их сургуулиудад Монголын 10 мянга гаруй оюутан залуус суралцаж буй. Тэдний 80 гаруй хувь нь Хятадын болон Өвөр Монголын Засгийн газар, “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийн тэтгэлгээр суралцдаг байна. Мөн тэтгэлэгтэй суралцдаг оюутнуудын дийлэнх нь Бээжин, Шанхай, Хөххот зэрэг хотуудад эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа аж. БНХАУ-ын Засгийн газраас жилд Монголын 220 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэрээ таван жилийн хугацаанд Монголын 1000 оюутныг Хятадад тэтгэлгээр сургахаар болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.