АНУ-ын цагаачлалын визний сугалааны бүртгэл өнөөдөр эхэлж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-04
АНУ-ын Засгийн газраас жил бүр “Diversity Immigrant Visa” буюу Ногоон картны сугалаа явуулж жил бүр 50 мянган хүнд ногоон карт олгодог билээ. Уг сугалаа явагдах, цагаачлалын визээр АНУ-д ирэх үйл явц нь багагүй хугацаа зарцуулдаг учраас сугалааг хоёр жилийн өмнөөс зохион байгуулдаг байна. Тэгвэл ирэх 2025 оны сугалааны бүртгэл өнөөдөр эхэлжээ. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус бүртгэл, шалгаруулалт, виз олголтыг АНУ-ын Гадаад хэргийн яам шууд хянаж явуулах ажээ. АНУ нь гадаадын иргэдэд аялал, сургалт, бизнес, ажиллах эрх болон цагаачлалын гэсэн үндсэн ангиллуудаар олон төрийн виз олгодог. Тус бүр тавигдах шаардлага, үзүүлэлт өөр өөр нөхцөлтэй эдгээр визний ангиллуудыг түр оршин суугч болон байнгын оршин суугч гэж хувааж үздэг байна. Тэгвэл ногоон карт буюу “Legal Permanent Resident Card” нь АНУ-д байнга оршин суух үнэмлэх юм. Энэ төрлийн ногоон картыг АНУ-д төлөөлөл харьцангуй бага улс орнуудын дунд сугалаа явуулж олгодог ба АНУ-ын иргэн хүний ямар нэгэн батлан даалт, өргөдөл шаарддаггүй давуу ажээ. Зөвхөн сугалаанд оролцогчид эрх бүхий орны иргэн байх, бүрэн дундаас дээш боловсролтой байх, эсвэл мэргэжлээрээ сүүлийн хоёр жил тасралтгүй ажилласан байх, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
Дашрамд дурдахад, анх 1990 онд батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ногоон картны сугалаа явуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар 1995 оноос эхлүүлсэн ба хуулийн гол зорилго нь АНУ-д шинэ төрлийн цагаачлалын бүлэг давхарга бий болгох явдал байсан гэдэг. Анхны жилүүдэд жил бүр 55 мянган хүнд сугалаагаар ногоон карт олгодог байсан бөгөөд Монгол улсын хувьд тус сугалааны талаарх мэдээлэл 2000 оноос нийтэд танигджээ. Энэ жилийн хөтөлбөрийн зааврыг AНУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзэх боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.