Сингапурын цэцэгсийн хүрээлэнд Монголын тухай үзэсгэлэн гарч байна
Чихэнд чимэгтэй
2023-10-03
Сингапурын “Gardens by the Bay” цогцолборын цэцэгсийн хүрээлэнд Монголын байгаль, соёл, уламжлал, нүүдэлчдийн аж амьдралыг сурталчилсан үзэсгэлэн өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд бүрэн тавилгатай монгол гэр, үндэсний хувцсыг дэлгэн үзүүлсний зэрэгцээ бэр цэцэг, цагаалзай (тунхуу) зэрэг Монгол оронд ургадаг олон зүйлийн цэцгийг цогцолборын мэргэжилтнүүд тарьж ургуулжээ. Мөн Улаан цутгалангийн хүрхрээ, морь хөтөлсөн монгол малчин болон таван хошуу мал зэргийг загварчлан хийж тавьсан байна. “Gardens by the Bay” цогцолборт жилд 14 сая хүн зочилдгоос 4.2 сая нь цэцэгсийн хүрээлэнг үзэж сонирхдог учраас нийт 500 мянган орчим хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхоно гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. Үзэсгэлэн ирэх 11 дүгээр сарын 13-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд тус улс дахь Монголын элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Төрийн өмчит МИАТ компани болон Монголын “ТалентСнайп” цахим платформ дэмжин ажиллажээ. Сингапур улсын мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн бэлтгэлийг хийхээр өнгөрсөн зургаадугаар сард Монгол улсад ирж ажиллажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Сингапур дахь Монголын Элчин сайдын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.