Азийн наадмын хөлбөмбөгийн шигшээ тоглолтыг монгол эмэгтэй шүүнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-02
"Ханжөү-2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудыг монгол эмэгтэй шүүхээр боллоо. Тодруулбал, монголчуудыг төлөөлж анх удаа Монголын Хөлбөмбөгийн холбооны "А" зэрэглэлийн шүүгч Өнөржаргалын Батцэцэг Азийн наадмын финалд ажиллахаар болсон байна. Тус наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийг шүүхээр 31 шүүгч томилогдож иржээ. Тэдгээр шүүгчдээс хэсгийн шат өндөрлөсний дараа 10, хасагдах шатны дараа 10 шүүгч тус тус нутаг буцсан аж. Харин манай улсын төлөөлөл Ө.Батцэцэг нь тэмцээний шилдэг шүүгчидтэй хамт финалын шатанд ажиллахаар болжээ. Ө.Батцэцэг нь хамгийн анх 2016 онд МХБХ-ны шүүгч болж байсан бол 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж байсан юм. Мөн тэрбээр Монголын Үндэсний дээд лиг, Үндэсний I лигт туслах шүүгч, эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг бөгөөд 2020 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны туслах шүүгчээр албан ёсны жагсаалтад нэрээ бичүүлж байсан юм.
Гэрэл зургийг Монголын Хөлбөмбөгийн холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.