Иран, Иракийг анх удаа төмөр замаар холбоно
Анд нөхдийн мэдээ
2023-09-27
Хөрш хоёр орон болох Иран, Ирак улсууд жил бүр Иракт болдог исламын шашны шийт урсгалынхны мөргөлд оролцохоор Иранаас ирдэг сая сая сүсэгтэнд зориулан анхны төмөр замыг барьж улс хоорондын галт тэрэг явуулахаар боллоо. Тодруулбал, Ираны Шаламжа тосгоноос Иракийн Басра хот хүртэл 30 км төмөр зам тавих бөгөөд энэ талаар Иракийн ерөнхий сайдын зам тээврийн зөвлөх Нассер ал-Асади “Богино зайд зам тавих учир бид 18 сарын дотор амжуулаад галт тэрэг явуулна” хэмээн “Reuters” агентлагт ярьжээ. Иран, Ирак улсууд 1980-аад онд найман жилийн турш дайтсанаас үүдэн хоёр улсын хилийн бүсийн ихэнх нутгийн газрын хэвлийд тэсрэх бөмбөг байдаг ажээ. Тиймээс төмөр зам тавих ажлыг эхлэхийн өмнө тэсрэг бөмбөгтэй газруудыг цэвэрлэх гэнэ. Иракийн ариун Карбала хотод жил бүр болдог “Арбаин” хэмээх их мөргөлд оролцохоор шийт урсгалыг дагагч 20 сая гаруй мөргөлч цугладаг. Тиймээс энэ арга хэмжээ дэлхийд нэлээд томд орох мөргөлд тооцогддог бөгөөд мөргөлд очих хүмүүс олон км алхдаг байна. Харин хувийн автомашин, нийтийн автобусаар мөргөлд очихоор яваа улс зам тээврийн осол гаргах нь олон байдаг ажээ. Тиймээс Н.Асади “Хоёр улсын хооронд галт тэрэг явуулдаг болсноор зам тээврийн осол буурахаас гадна зорчих тасалбарын худалдаа манай улсын эдийн засагт үр ашигтай байх болно” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.