Монголд зураг авалтаа хийсэн япон кино зургаан тэрбумын эдийн засгийн эргэлт бий болгожээ
Чихэнд чимэгтэй
2023-09-25
Монголд зураг авалтаа хийсэн Японы "Vivant" олон ангит киноны нэгдүгээр ангийн нээлт өчигдөр Дархан-Уул аймагт боллоо. Японы "TBS” телевизийн Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи зэрэг алдартай жүжигчдийн оролцон тоглосон тус киноны зарим зургийг Дархан-Уул аймагт хийсэн билээ. Мөн энэхүү кинонд Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Д.Дэлгэрсайхан нарын монгол жүжигчид оролцон тоглосон юм. "Дархан-Өргөө" кино театрт болсон тус нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин оролцож, Дархан-Уул аймагт гадаад, дотоодын жуулчдын анхаарал татахуйц соёлын орон зайг хөгжүүлэхээр орон нутгийн удирдлагатай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр "Vivant киног манай улсын эдийн засагт зургаан тэрбумын эргэлт бий болгосон" гэжээ. Манай улсын нутаг дэвсгэрт богино хугацааны зураг авалт хийхдээ тус кино нийт зургаан тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгосон бол үүний 2.2 тэрбум төгрөг нь Дархан-Уул аймагт хамаарч байна. Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд олон улсын уран бүтээлчид Монголд цөөнгүй ирж хамтарсан уран бүтээл хийх болсон билээ. Үүний нэг жишээ нь энэ бөгөөд Өмнөд Солонгосын “Crash landing on you”, Франц, Бельгийн хамтарсан “Ер бусын ертөнц”, Австралийн найруулагч Бенийн “Strowlers”, БНСУ-ын JTBS сувгийн "Хүргэлт ирлээ" зэрэг кино, нэвтрүүлгүүд манай улсад зураг авалтаа хийсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.