images

Шинжаанаас Новосибирск хүрэх ачаа тээвэр Ховдын Булганаар дайрна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-25


   Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд Ази, Европыг холбосон транзит коридор, Азийн авто замын баруун босоо тэнхлэгийн 745 километр зам ашиглалтад орсон билээ. Тэгвэл гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд бүтээн байгуулсан тус замаар БНХАУ-аас манай улсаар дайран ОХУ-д хүрэх ачаа тээврийг явуулж эхэллээ. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Үрэмч хотоос эхэлсэн тус туршилтын тээвэр энэ сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган боомтоос хөдөлснийг ЗТХЯ-наас мэдээлжээ. Цаашлаад Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл явна. Тус чиглэлд гурван улсын нийт есөн ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлээд байгаа ажээ. Манай улсаас тус тээврийг “Монгол тээвэр нэгдэл транзит", "Монложистик", "Монтир транс" компаниуд гүйцэтгэж байна. Сонирхуулахад, энэ зам манай улсын авто тээврийн түүхэнд хэд хэдэн зүйлийн анхдагч болж байсан юм. Тухайлбал, энэ зам дагуу нийт 1848 метр урт 33 гүүр барихаас гадна төмөр бетонон хашаа, торон хашлага, замын гэрэлтүүлэгч бөмбөлөг зэргийг суурилуулсан байна. Түүнчлэн мөнх цэвдэгтэй хэсгийн авто замын хучилт дор цэвдгээс хамгаалах хоолой суурилуулжээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.