Фулбрайтын тэтгэлэгт хамруулах монгол оюутны тоог хоёр дахин нэмлээ
Чихэнд чимэгтэй
2023-09-25
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблэйн чуулганд оролцож буй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон нийтийн дипломат ажиллагаа болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Элизабэт М.Аллэнтай пүрэв гарагт уулзлаа. Уг уулзалтын үеэр талууд “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Ингэснээр манай улсаас жилд 30 оюутан тус тэтгэлэгээр АНУ-ын их сургуулиудад магистрын зэрэг хамгаалах боломжтой боллоо. Монголчууд анх 1995 онд тус хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд 2011 оноос Монголын Засгийн газрын санхжүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлжээ. Улмаар 2022 оноос хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт хийж жилд 13-15 оюутанд тэтгэлэг олгож байгаа юм. Харин ирэх жилээс эхлэн энэ тоо хоёр дахин нэмэгдэхээр болов. Тус тэтгэлгийг горилогч нь хиймэл оюун ухаан, дата шинжээч, газрын тосны инженер, сургуулийн өмнөх боловсролын багш, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлээр магистрт сурах боломжтой. Фулбрайтын тэтгэлгийг жил бүрийн 1-2 дугаар сард зарлаж дараа оных нь 3-4 дүгээр сард тэнцсэн хүмүүсийн дүнг зарлан дэлхийн 160 орны 4000 гаруй оюутанд сургалт, байр, эрүүл мэнд, аялал, амьжиргааны зардлыг нь бүрэн олгодог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.