images

Канадын компани Улаан овоогийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-19


   Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын “Silver Elephant Mining” компани энэ сараас Монгол дахь Улаан овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа сэргээхээр болжээ. Тус компани уг ордын лицензийг 2007 оноос хойш 100 хувь эзэмшиж буй бөгөөд өнгөрсөн тавдугаар сард олон улсад эрчим хүчний нүүрсний үнэ унаж, уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм. Тэгвэл БОАЖ-ын яамнаас тус компанид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийснээр тусгай зөвшөөрлийг нь сунгажээ. Ингэснээр Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагаа нь эргэн сэргэж байна. Улаан овоогийн уурхайгаас тус компани өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн таван сар гаруйн хугацаанд Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрс гаргаж БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд нийлүүлсэн байна. Мөн тус компани өнгөрсөн онд Хонконгийн компанид 15 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн юм. “Silver Elephant Mining” компанийн Монгол дахь охин компани “Mega Thermal Coal” компани Улаан овоогоос гадна Чандганын нүүрсний уурхайг эзэмшдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.