Туркийн ерөнхийлөгч Илон Маскаас юу гуйв?
Анд нөхдийн мэдээ
2023-09-19
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт Илон Масктай уулзаж, цахилгаан машины үйлдвэрээ Туркт барихыг урьжээ. Тэрбээр Нью-Йоркод болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохын ялдамд И.Масктай уулзсан байна. Улмаар эх орондоо үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашин нь хэрэглээнд нэвтэрснийг дуулгаж “Компанийнхаа долоо дахь үйлдвэрийг манай улсад барина уу” хэмээжээ. Мөн И.Маскийн сансар судлалын “SpaceX” компанийг Туркийн сансрын хөтөлбөрийн багийнхантай хамтран ажиллахыг санал болгож, түүнийг есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын сүүлч хүртэл болох улсынхаа хамгийн том нисэх, сансар, технологийн “Teknofest” фестивальд оролцохыг урилаа. Харин И.Маск хариуд нь “Манай компани хэдийнэ олон тооны турк ханган нийлүүлэгчидтэй болсон. Танай улс манай дараагийн үйлдвэр барих орны шалгаруултын чухал нэр дэвшигч болно” хэмээжээ. Өдгөө зургаан үйлдвэртэй “Tesla" компанийн долоо дахь үйлдвэрийг Мексикт барьж буй бөгөөд дараагийн үйлдвэрээ барих газраа энэ оны эцсээр сонгож магадгүй аж. И.Маскийн хувьд Энэтхэгийн албаны хүмүүстэй уулзаж, тус улсад хямд өртөгтэй үйлдвэр байгуулахыг сонирхож байгаа юм. Харин дэлхийн хөгжилтэй орнууд "Tesla" цахилгаан машины үйлдвэрийг эх орондоо байгуулах санал тавьсаар байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сард И.Масктай уулзсан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Р.Эрдогантай адил санал тавьж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.