images

3600 жилийн өмнөх усжуулалтын систем илрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-19


    Хятадын Хөнань мужид хийсэн археологийн судалгаагаар Шан гүрний эхэн үеийн буюу 3600 жилийн өмнөх усжуулалтын системийг илрүүлжээ. Уг олдвор нь тухайн үеийн хот төлөвлөлтийн талаарх хүмүүсийн ойлголтыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Тодруулбал, усжуулалтын гурван суваг Хөнань мужийн нийслэл Жэнжөү хот дахь эртний Шан гүрний (МЭӨ 1600-1047 он) үеийн хотын тууриас олджээ. Уг гурван суваг нь тухайн үеэс өнөөг хүртэлх хугацаанд олдоод буй хамгийн том усжуулалтын систем юм. Гурван сувгийн нэг нь голын сав газрын голдирол бол нөгөө хоёрыг нь шуудуу татаж байгуулсныг тогтоосон байна. Хамгийн өргөн хэсэгтээ 12 метр, хамгийн гүн хэсэгтээ дөрвөн метр хүрсэн нийт 540 метр урт суваг нь хотын хойд хэсгийн цөөрөм, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг холбожээ. Иймд археологичид сувгийг газар тариалангаар тогтохгүй хотын иргэдийн унд, хот тохижуулалт, үйлдвэрлэлд ашиглаж байсан гэж үзэв. Учир нь, тус сувгуудаас ясан эдлэл, зэс урлалийн газрын үлдэгдэл олдсон байна. Мөн археологичид сувгаас ус зайлуулах чулуун байгууламж олсон бөгөөд энэ нь Шан гүрний эхэн үед усжуулалтын систем маш нарийн байсныг харуулж байна гэж дүгнэлээ. Хөнань дахь Шан гүрний үеийн туурь 25 км.кв талбайг эзлэх бөгөөд тус хотыг Шан гүрний анхны хаан Тан байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.