Монгол банк: Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээв
Чихэнд чимэгтэй
2023-09-18
Монгол банкны мөнгөний бодлогын хороо энэ сарын 13, 15-ны өдрийн хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэхдээ "Инфляц ойрын хоёроос гурван сар 9-10 хувь орчимд тогтвортой байхаар харагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байсан тул импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляц саарах төлөвтэй байна" гэжээ. Манай улсын худалдааны түнш орнуудын инфляц саарч, тээврийн зардал буурсан нь ч үүнд мөн нөлөөлжээ. Цаашид инфляц алгуур буурах хандлагатай байгаа хэдий ч улсын төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр дахин өсөж магадгүйг онцолсон байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд хүлээлтээс өндөр гарахад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн нь голлон нөлөөлсөн гэжээ.
Сонирхуулахад, арилжааны банкуудаас Төв банкинд байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүүг мөнгөний бодлогын хүү гэдэг. Тиймээс бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг байна. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлснөөс Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байжээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж, эдийн засгийг сэргээдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.