Хятадад нисдэг тэрэг олноор үйлдвэрлэж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Хятадын агаарын хөлөг үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Aviation Industry” корпорац “AC352” дунд оврын нисдэг тэргийг бөөнөөр үйлдвэрлэж буй бөгөөд ирэх онд зах зээлд гаргахаа зарлалаа. Энэ тухай тус компанийн ерөнхий менежерийн орлогч Ян Гуанжао хэлэхдээ “Анх удаа бөөнөөр үйлдвэрлэж буй “AC352” нисдэг тэрэгний угсралтыг Тяньжин дахь үйлдвэртээ энэ жил эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Хятадын Иргэний нисэхийн удирдах газар агаарын хөлгийн төрлийг баталгаажуулах ажил хийж байна” хэмээжээ. Төслийн төлөвлөгөөний дагуу агаарын хөлгийг баталгаажуулах ажил ирэх жил дуусч 2024 оны эцсээр дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлж эхлэх гэнэ. Уг нисдэг тэргийг эрэн хайх, аврах ажиллагаа, яаралтай тусламжийн дуудлага, эмнэлгийн өвчтөн зөөх, захиалгат нислэг зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Мөн тус агаарын хөлөг нь урд хөршид үйлдвэрлэж буй анхны долоон тоннын даацтай нисдэг тэрэг юм. Тус улс 2006 онд нисдэг тэрэг бүтээх ажлаа эхлүүлж 2016 оны 12 дугаар сард анхны нислэгээ Харбинд үйлджээ. Улмаар өнгөрсөн оны долоодугаар сард Хятадын Иргэний нисэхийн удирдах газар нисдэг тэрэгний туршилтын нислэг, судалгаа, хөгжүүлэлтэд үндэслэн “AC352”-т зөвшөөрөл олгосон байна. Уг нисдэг тэрэг нь цагт 280 км, нэг удаагийн нислэгээр 850 км замыг туулах чадалтай. Хоёр нисгэгч, 16 хүртэл тооны зорчигч тээвэрлэж багтаамжтайгаас гадна 12 м/куб бүхээгтэй ажээ. Одоогийн байдлаар нисдэг тэрэг үйлдвэрлэгч компани Юньнань муж, Бээжин хотын компаниудаас хэдэн арван захиалга авсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.