“Ханжөү 2022”: Наадамд оролцогчдын хоолны бүх аягыг улаан буудайн сүрлээр хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Хятадын Ханжөү хотод болох 19 дэх удаагийн Азийн спортын наадамд оролцох тамирчдын хотхоныг өчигдөр нээлээ. Хорин мянган хүний багтаамжтай тус хотхонд тамирчин, дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, техникийн албаныхан байрлана. Энэ удаагийн наадамд 45 орны 12417 тамирчин оролцохоор бүртгүүлсэн тул хамгийн олон тамирчин оролцох Азийн наадам болох юм. Өмнө нь 2018 онд Жакартад болсон наадамд 11300 тамирчин оролцсон нь хамгийн олон тамирчин оролцсон наадам болж байв. Мөн энэ удаагийн Азийн наадмыг байгальд ээлтэй байдлаар зохион байгуулах гэнэ. Тэмцээнд оролцохоор хотхонд очсон хүн бүр QR код уншуулан өөрийн гэсэн нүүрстөрөгчийн хий бага ялгаруулагч гэсэн хаягтай болох ажээ. Улмаар спортын наадамд оролцогчид ус, ундааны саваа хог ялган ангилдаг машинд хийх тутамдаа 10 оноо цуглуулах гэнэ. Энэ мэтээр байгальд ээлтэй үйлдэл хийж олон оноо цуглуулсан хүнийг дахин боловсруулсан материалаар хийсэн бэлгээр шагнах юм. Мөн наадамчдын хоол идэх бүх аягыг улаан буудайн сүрлээр хийсэн бөгөөд хоолны газруудад хөрсөнд задардаг био сав суулга ашиглах ажээ. Түүнчлэн хотхоны гэрэлтүүлгийн эх үүсвэр нь нарны эрчим хүч бөгөөд хотхон дотор олон тооны унадаг дугуй байрлуулна. Улмаар хоолны хаягдал гаргахаас сэргийлж “Таны таваг цэвэр” аян явуулах бөгөөд ямар ч хуванцар агуулаагүй, хуванцар савлагаагүй, хуванцраар хийгээгүй бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд худалдаалахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Азийн наадмын зорилго нь тогтвортой хөгжлийн ногоон зорилтыг биелүүлж, нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах юм. Мөн зохион байгуулагчид хотхоны нээлтийн үеэр “Оролцогчдод үйлчлэх хоол, нийтийн тээвэр, чөлөөт цагийн арга хэмжээнүүдийг маш сайн зохион байгуулж, амьдралын чанарыг амлана” гэв. Үүгээр зогсохгүй наадамд оролцогчдод технологийн дэвшлийг үзүүлэх төгөлдөр хуур тоглодог робот, робот нохой, виртуал төхөөрөмж хотхоны төвд байх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.