Энэтхэгийн бизнесмэн Кувейт, Арабын Эмират улсад монгол хоолны ресторан нээх санал тавилаа
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Кувейт улсад хоолны бизнес эрхэлдэг Энэтхэгийн “Mughal Mahal Global Holding” компанийн захирал Ашок Калра тус улсад суугаа Монголын Элчин сайдад ил гал дээр хоол хийдэг, монгол тогоочтой, монгол ресторан нээх санал тавьлаа. Тус компани 1985 оноос эхлэн Кувейтэд "Mughal Mohal" нэрийн 12 сүлжээ ресторан ажиллуулж байгаа аж. Энэтхэг, араб, хятад хоолоор үйлчилдэг тус ресторан нь Кувейтийн шилдэг халал зоогийн газар гэгддэг. Иймд Элчин сайд П.Сэргэлэн А.Калрагийн тавьсан саналыг зөвшөөрч буйгаа илэрхийлээд Монголын талаас хамтран ажиллах байгууллага, хүмүүсийг холбож өгөхөөр боллоо. Мөн түүнийг тус сүлжээ рестораныхаа салбарыг Монгол улсад нээхийг санал болгожээ. Үүний хариуд А.Калра "Эхний ээлжинд Монголын холбогдох байгууллагын төлөөлөгчидтэй цахим уулзалт хийж санал солилцсоны дараа Монголд өөрөө очно" гэсэн байна. Тэрбээр Кувейтийн Эль-Кувейт, Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод монгол ресторан нээх хүсэлтэй байгаа юм. Мөн тэрбээр манай улсад энэтхэг ресторан нээх тухайд холбогдох байгууллагуудтай албан ёсны уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.