Итали, Францын фото наадамд, голсон ботгоо авч буй монгол ингэний зураг шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Нидерландын гэрэл зурагчин Черэн Колэтт гологдсон ботгыг эхэд нь авхуулах Монгол зан үйлээс сэдэвлэсэн “The Way Of The Morin Khuur” бүтээлээрээ олон улсын гэрэл зургийн наадамд шилдгээр шалгарчээ. Тэрбээр Италийн “Siena International Photo Awards” наадамд гурван бүтээлээ сойж, зар сурталчилгааны төрөлд “Spotless Elegance” бүтээлээрээ тэргүүлсэн бол чөлөөт гэрэл зургийн төрөлд “California Dreaming” ,“The Way of the Morin Khuur” гэрэл зураг нь шагналт байранд шалгарсан байна. Ч.Колэтт өөрийн цахим хуудсандаа “The Way Of The Morin Khuur” бүтээлийнхээ талаар хуваалцахдаа “Би 13 дугаар зууны үеэс гаралтай монгол морин хуурын ёс, дэгийг энэ зургаар харуулахыг хүссэн. Эрхүү хотод хүн морин хуур тоглож байхыг анх харснаас хойш энэ хөгжим санаанаас минь гараагүй юм. Монголын нүүдэлчин ард түмний хэдэн зууны өмнө бүтээсэн энэхүү хөгжмийн зэмсгээр эх тэмээ үрээ голвол аялгуу тоглож өгдөг болохыг олж мэдсэн. Тэгээд ингэний сэтгэл уярч нулимс дуслуулан, голсон ботгоо эргээд авдаг юм билээ. Хөгжим өөрөөсөө өөр зүйлд хэрхэн нөлөөлж болохыг харах үнэхээр үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм” гэжээ. Тэрбээр мөн энэ бүтээлээрээ Парисын “Prix de la Photographie” наадмын хөгжмийн гэрэл зургийн төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн байна. “Siena International Photo Awards” наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн, сонирхогч, оюутан гэрэл зурагчдын дунд явуулдаг уралдаан бөгөөд шагнал гардуулах ёслол нь Италийн Сиена хотод болдог. Харин “Prix de la Photographie” наадамд шалгарсан гэрэл зургуудыг Парисын галерейд дэлгэж, жил бүр ном болгон хэвлүүлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.