Зураач Д.Амгалангийн 90 насны ойд зориулсан үзэсгэлэн гарч байна
Чихэнд чимэгтэй
2023-09-07
Төрийн соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч байна. Үзэсгэлэнд түүний 1954 онд зурсан “Жаахан шаргын нутагт”, 1961 онд зурсан “Капитализмыг алгасагч” буюу “Харанхуйгаас гэрлийн зүгт” бүтээл, “Мөрөөдөл”, “Өвлийн үдэш” зэрэг 20 гаруй уран бүтээлийг дэлгэсэн бөгөөд эдгээр зураг бүгд уг галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй ажээ. Мөн зураачийн шавь нарынх нь бүтээлээс тус үзэсгэлэнд тавьсан байна. Есдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн, арав хоногийн турш дэлгэх уг үзэсгэлэнг СУИС, Уран зургийн галерей, “Амгалан ертөнц” сан хамтран зохион байгуулж байгаа юм. Учир нь, Д.Амгалан СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн захирлаар ажиллаж байхдаа уран зураг, баримлын хичээлийг заах олон сургалтын хөтөлбөр боловсруулжээ. Тэрбээр 1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Бор хөндийд төрж, 1956-1963 онд ЗХУ-д Суриковын нэрэмжит уран зургийн академийг дүүргэсэн бөгөөд 1975 онд Гэрлэх ёслолын ордны Алтан танхимын өнгөт чимэглэлийг хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.