images

Нигери улсад метро явж эхэллээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-09-06


   “Дэлхийн хамгийн муу зам тээврийн сүлжээтэй мегаполис хотод 12 жил хүлээсний эцэст метро явж эхэллээ” хэмээн "Bloomberg" өчигдөр мэдээллээ. Учир нь 20 сая оршин суугчтай Нигери улсын Лагос хот нь дэлхийн хамгийн муу зам төлөвлөлттэй гэгддэг байна. Улсынхаа худалдаа, эдийн засгийн төв гэдэг тус хотод 13 км метроны шугам тавих ажлыг 2009 онд эхлүүлж, 2011 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч 132 сая долларын санхүүжилтийн асуудлаас болж хойшлуулсаар өдийг хүрсэн байна. Улмаар энэ онд Хятадын “Civil Engineering Construction” корпораци уг шугамын эхний хэсгийг барьж ашиглалтад оруулсан байна. Лагос хотын захирагч Бабаджиде Санво-Олу даваа гарагт зорчигчдыг тээвэрлэж эхэлснийг мэдэгдсэн бөгөөд тус метрогоор өдөр бүр 150 мянган зорчигч тээвэрлэнэ гэж Лагос хотын Тээврийн газраас мэдээлжээ. Мөн шугамын хоёрдугаар шатны бүтээн байгуулалт энэ оны сүүлээр эхэлж, шугам бүрэн ашиглалтад орсноор гурван цаг хүртэл явдаг байсан газрыг 25 минутанд товчлох боломжтойг хэлсэн байна. Лагос хотод байрладаг “CFG Advisory”  компанийн гүйцэтгэх захирал Адетилева Адебажо "Мега хот нь метроны шугамгүйгээр ажиллаж амьдрах боломжгүй. Гэсэн хэдий ч Лагос хотод зөвхөн энэ хэрэгтэй биш юм. Далайн эрэг орчим байдаг учир усан замыг ч бас хөгжүүлэх ёстой. Тээврийн нэгдсэн систем шаардлагатай. Эдгээр нь хотын түгжрэлийг арилгахад туслах болно” гэжээ. Лагос хотод төвтэй судалгааны хүрээлэнгээс 2021 онд гаргасан судалгааны тайланд зорчигчид өдөрт нийт 14.1 сая цагийг замын хөдөлгөөнд зарцуулж, ажлын цагийн алдагдал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэж дурджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.