images

Хөх хот: Хамтарсан яармагт Монголоос 500 гаруй компани оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-05


   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагт Хөх хотод маргааш эхлээд 10-нд дуусах хоёр улсын хамтарсан үзэсгэлэн яармагийн талаар ярилцлага өгчээ. Тэрбээр “Монгол-Хятадын хамтарсан экспо хөрш хоёр орны эдийн засгийн харилцаа, худалдааг өргөтгөхөд чухал хувь нэмэр болно” гэсэн байна. Тус үзэсгэлэнг хоёр улс хоёр жил тутам зохион байгуулахаар тохирсон боловч цар тахлын улмаас хойшилж 2019 оноос хойш завсарлаад энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж байна. Энэ тухай Х.Болорчулуун "Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг өмнөх гуравтай нь харьцуулах гээгүй боловч хамрах хүрээ нь өргөссөн" гэжээ. Тэрбээр уг үзэсгэлэнгийн ажлын хэсгийн Монголын талыг ахалж ажилласан бөгөөд бэлтгэлээ бүрэн базаасан тухайгаа мөн ярив. Тус үзэсгэлэнд манай улсаас дор хаяж 500 компани оролцохын ихэнх нь хөнгөн үйлдвэрийн салбарынх гэнэ. Мөн энэ жил өмнөх гурван үзэсгэлэнд оролцож байснаас илүү олон хүнсний үйлдвэр оролцоно. Тэрбээр энэ тухай “Монгол улс Хятадад мах, ингэний хоормог, чацаргана зэрэг органик бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Тиймээс хүнс үйлдвэрлэгчид үзэсгэлэнд олноор оролцоно” хэмээн ярьжээ. Хятад улс 1999 оноос Монголын худалдааны гол түнш болсон бөгөөд 2021 онд хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум долларт хүрч, энэ онд 20 тэрбум доллар болгохоор ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр оны эхний долоон сарын байдлаар Монголын гадаад худалдааны 73 хувийг Хятад улс эзэлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.