images

Багачуудад зориулсан 90 мянган номтой номын сан ажиллаж эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-04


Их Монголын гудамжинд байрлах “Sky Garden” хотхоны дотор 600 хүүхдийн суудалтай шинэ номын сан саяхан нээлтээ хийв. Тус номын санг “Ид шидийн орон”-ы “Magic box” чингэлэгтэй номын санг байгуулсан залуус буюу “Nepko Kids” хэвлэлийн газрынхан хамтран байгуулжээ. Тэд гэртээ хүүхдээ хардаг ээжүүд болон ганцаараа үлддэг хүүхдүүдэд тохиолддог нийгмийн асуудлыг шийдэх, сурч боловсрох тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор  гурван давхар шинэ номын сан байгуулсан байна. Номын сангийн тухай “Nepko kids” хэвлэлийн газрын захирал Б.Цолмонтой ярилцлаа.

- Танай номын санд хүүхдүүд ном уншиж, хичээлээ давтахаас өөр юу хийж болох вэ?

- “Nepko kids” хэвлэлийн газар маань хүүхдүүдэд ном уншиж өгдөг юм. Тэр ажлыг хүмүүс их сонирхож асуудаг байсан. Тиймээс жүжигчин, дуу оруулагч мэргэжилтэй хүмүүсийг хуваарийн дагуу авчирч ном уншуулна. Мөн хүүхдүүд тоглох, зураг зурах гээд хүссэн зүйлээ хийж болохоос гадна “Family Track” нэртэй эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ном унших цаг гаргасан. Цаашдаа код бичих сургалт орж анимейшн, тоглоомууд зохион бүтээх болон англи хэлний сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

- Танай номын санд чимээ гаргахыг хориглодоггүй гэсэн үү?

- Манайх хүүхдийн ном их гаргадаг учраас энэ талын судалгаа их хийсэн. Хүүхдүүд чимээтэй орчинд ч номонд анхаарлаа хандуулаад сурчихсан байдаг. Харин эсрэгээрээ чив чимээгүй номын санд очих, сууж ном унших дургүй юм билээ.

- Тэгвэл хүүхдүүд хэдэн номноос сонголтоо хийх боломжтой вэ?

- Нийт хэвлэмэл 30 мянган номтой. Үүн дээр нэмээд 60 мянган цахим ном бий. Номын сан доторх компьютерууд дээрээ цахим номын эрхийг нь нээчихсэн. Одоогоор бүх номууд маань бүрэн ирж дуусаагүй л байна. Ирэх сарын 15 гэхэд бүгд ирчихнэ. Манай толгой компани болох “Nepko” хэвлэлийн газар 17 жилийн турш “Oxford”-той хамтран ажиллаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард энэ хамтын ажиллагаан дээрээ үндэслээд уг номын санд тавих номуудыг орчуулж, хэвлэх гэрээ хийсэн. Номын сангийн менежментийн талаар ч туршлага судлах сургалтад хамрагдаж, “Oxford”-той их ойр хамтран ажиллаж байна. Тухайлбал, номуудаа ангилж өрөөгүй. Учир нь, хими, түүх, математик, уран зохиол гээд төрлөөр ангилаад тавихаар хүүхдүүд нэг хэсэгт нь эргэлдэж байгаад өөр зүйл сонирхохгүй тэгсхийгээд уйдчихдаг юм байна. Мөн бүх номоо нүүрээр нь харуулж тавьсан. Номыг нуруугаар нь харуулж тавихаар хүний сонирхлыг мөн л татдаггүй. Энэ мэтээр “Oxford”-оос номын сангийн менежментийн талаар олон зүйл сурч, хэрэгжүүлж байна. Мөн сурах бичгүүд бүгд бий. Гэхдээ нэг ном 20-оос дээш ширхэг байж болохгүй гэсэн зарчим баримталж байгаа. Энэ нь зохистой хэмжээ юм билээ.

- Зөвхөн 18 хүртэлх насны хүүхдүүд үйлчлүүлэх үү?

- Насны хязгаар байхгүй ээ. Өвөө, эмээ нар маань ч ирж болно. Гурван давхар номын сан учраас томчууд, хүүхдүүдэд бүрэн үйлчлэх хүрэлцээтэй. Харин есөөс доош насны хүүхдүүд заавал аав, ээжийнхээ аль нэгтэй нь ирэх ёстой. Манайх гэр бүлийн, анги хамт олны зэрэг төрөл бүрийн үйлчилгээ багтсан багцуудтай. Гэр бүлийн багц сарын 200 мянга, ангиараа нэг өдөр үйлчлүүлэх 15 мянган төгрөгийн үнэтэй. Мөн сарын 170 мянган төгрөгийн үнэтэй карт гаргасан. Хэрэв картыг жилээр нь захиалбал сарын 100 мянган төгрөг болно.

- Яагаад “Sky Garden”-д номын сангаа байгуулах болов?

- Энэ тал дээр хүмүүс янз бүрээр хандаж байна. Бид гэр хороололд хүүхдүүдэд зориулаад үнэгүй ном унших боломжтой чингэлэгт номын сан байгуулсан. Тэнд байгаа  “Magic box” чингэлэгтэй номын үнэ 600 сая төгрөг давсан байна. Энэ удаа “Sky Garden” хотхон “Winter Garden” гээд том өвлийн хүлэмжтэй учраас дөрвөн улирлын турш ногоон орчинтой байх нь тохиромжтой гэж үзээд сонгосон. Бид цаашдаа олон салбар нээж, ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн зөв менежментийг хийх бодолтой байна. 

- Баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.