images

Ромын Пап Францисийн айлчлалын төлөвлөгөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-01


   Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, пап Францисийн айлчлал өнөөдөр Улаанбаатарт эхэллээ. Ирэх 12 дугаар сарын 17-нд 87 нас хүрэх гэж буй тэрбээр 2013 оны гуравдугаар сард католик шашны тэргүүн болжээ. Түүнээс хойш дэлхийн 42 оронд айлчилсан түүний 43 дахь айлчлал ийнхүү Монголд болж байна. Мөн энэ нь пап ламын хамгийн хол хийж буй айлчлал юм. Тэрбээр өмнө нь Казахстан улсад айлчилсан нь хамгийн холд тооцогдож байсан юм. Пап Францис өнөөдөр 10 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардах бөгөөд түүнийг угтан авах ёслол болно. Өнгөрөгч зургадугаар сарын эхээр ивэрхий авхуулах хагалгаа хийлгэсэн өндөр настай пап аян замын алжаалаа өнөөдөр тайлаад маргаашнаас албан уулзалтуудаа хийж эхлэх ажээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад ирсэн пап Францисийн айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд өнгөрөгч долоодугаар сард AP агентлагаас зарлаж байсан айлчлалын төлөвлөгөөний дагуу ажиллах нь тодорхой болов. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн пап Францисийн айлчлалын албан ёсны хөтөлбөртэй танилцана уу.

 Есдүгээр сарын 1-ний баасан гарагт

10:00   “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.        

10:00   Угтах ёслол болно.

Есдүгээр сарын 2-ны бямба гараг

09:00   Албан ёсны угтах ёслол, Д.Сүхбаатарын талбайд.

09:30   Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзана.

10:20   Төрийн ордны “Их Монгол” танхимд төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзана.

11:00   Монгол Улсын Их Хурлын даргад бараалхана.      

11:10   Монгол улсын Ерөнхий сайдад бараалхана.           

16:00   Гэгээн Петр, Паулын сүмд Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзана.

Есдүгээр сарын 03-ны ням гарагт

10:00   "Хүн" театрт шашны төлөөлөгчид хоорондын уулзалт хийнэ.

16:00   "Степп Арена"-д гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болно.

Есдүгээр сарын 04-ний даваа гарагт

09:30   Сайн үйлстнүүдтэй уулзалт хийж “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно.

11:30   “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас үднэ.

12:00   Улаанбаатар-Ром чиглэлийн нислэгээр ниснэ.

17:20   Ром хотын "Фюмичино" олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.