Кувейтийн “LuLuMart” сүлжээ дэлгүүрт монгол малын махыг худалдаалахаар тохиролцов
Чихэнд чимэгтэй
2023-08-29
Кувейт, Катар улсад суугаа Монголын Элчин сайд П.Сэргэлэн “LuLuMart” сүлжээ дэлгүүрийн Кувейт дэх салбарын захирал Мухаммад Харистай өчигдөр уулзлаа. Манай улс Булангийн орнуудад малын мах экспортлохын тулд халал гэрчилгээ авч, энэ онд багтаан гаргаж эхлэхээр төлөвлөж буй билээ. Иймд Элчин сайд монгол малын махыг тус сүлжээ дэлгүүрт худалдаалах асуудлаар санал солилцохоор захиралтай нь уулзжээ. Улмаар цагаан идээ, самар, гурилан бүтээгдэхүүн мөн худалдаалах хүсэлтэй буйгаа илэрхийлж дээжээс нь амсуулсан байна. Үүний хариуд мах, махан бүтээгдэхүүний үнийн санал, тээвэрлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлбэл энэ тухай судалж үзэхээ илэрхийлжээ. Харин бусад бүтээгдэхүүнийг эхлээд Кувейтийн хэрэглэгчдэд танилцуулж, дараагаар нь бага хэмжээгээр авч туршилтын худалдаа хийж үзээд цаашид бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай тохирох саналтай байгаагаа хэлэв. Иймээс Элчин сайдын яамныхан холбогдох компаниудад дээрх саналыг даруй танилцуулж, үнийн санал, дэлгэрэнгүй мэдээллийг илгээхээр боллоо. "LuLuMart" сүлжээ дэлгүүр нь Арабын нэгдсэн Эмират улс дахь энэтхэгчүүдийн байгуулсан олон улсын сүлжээ бөгөөд дэлхий даяар 254 салбар, 65 мянган ажилтантай, толгой компани нь Абу Даби хотод байдаг. Харин Кувейтэд 14 дэлгүүртэй бөгөөд хүнсний бүтээгдэхүүнээ гол төлөв Хятад, Вьетнам, Тайланд, Малайз, Индонези улсаас импортоор авдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.