images

Унгар: Монголын марафончид ДАШТ-д амжилттай оролцлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-28


  Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай улсын дөрвөн тамирчнаас эмэгтэй марафонч Г.Хишигсайхан хамгийн түрүүнд буюу 26-ны өдөр тэмцээндээ оролцож 42.2 км зайг хоёр цаг 35 минутанд туулан нийт 78 тамирчнаас 31 дүгээр байранд оржээ. Тус төрөлд оролцсон тамирчдын 13 нь замаа дуусгаж чадаагүй байна. Харин тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу 27-нд манай улсын гурван тамирчин Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар уралдаандаа оролцсон байна. 5000 гаруй тамирчин өрсөлдсөн уг марафоны төрөлд Уганда улсын гүйгч 23 настай Виктор Киплангат 2:08:53 секундэд гүйж дэлхийн аварга болжээ. Харин манай тамирчид 10 км-ийн маршрутаар дөрвөн удаа талбайг тойрч хоёр цаг, 30 минутын дотор замаа дуусгасан байна. Онцлоход, Хөнгөн атлетикийн ДАШТ-д хамгийн олон оролцсон дээд амжилтын эзэн бол 1993 оноос хойш 13 ДАШТ-д гүйсэн Испанийн Хесус Анхель Гарсиа юм. Түүний дараа Португалын Жоао Виэра 12 ДАШТ-д оролцсоноор удаалдаг. Гуравдугаар байрын эзэн нь энэ тэмцээнд 11 удаа оролцсон португал Сюзана Фэйтор бөгөөд манай тамирчин Б.Сэр-Одын амжилт түүнийхтэй ийнхүү зэрэгцээд байна. Өөрөөр хэлбэл, Хөнгөн атлетикийн ДАШТ-д 11 удаа оролцсон хүн дэлхийд ердөө хоёрхон байгаагийн нэг нь монгол юм. Мөн гавьяат тамирчин Б.Сэр-Од нь 2024 оны Парисын Олимпод оролцож чадвал зургаан Олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.