Дундговь: Дэл уулын хадны сүг зураг, дурсгалуудыг хамгаална
Чихэнд чимэгтэй
2023-08-25
Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноос урагш найман км орчим сунаж тогтсон Дэл хэмээх уул бий. Энэ уул нь том, жижиг маш олон хаднуудаас бүрдсэн бөгөөд тэдгээр хадан дахь сүг зураг, эртний дурсгалуудын хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авна хэмээн БОАЖЯ өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Учир нь Дэл уулыг МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй гайхамшигт дурсгалуудын нэг цогцолбор хэмээн үзэж, эрдэмтэд байгалийн уран зургийн галерей хэмээн нэрлэдэг. Тухайлбал, Дэл уулын хаданд янгир, чоно, гахай, морь, тэмээ унасан хүн, морин тэрэг, барилдаж буй хүмүүс зэрэг ахуй амьдралтай холбоотой зураг байхаас гадна Дундад зууны хоёр гэрийн зургийг дүрсэлсэн байдаг. Мөн оршуулгын зан үйлийг илэрхийлэх хашлага чулуун дээрээ бүжиглэж буй хүний зурагтай гучин хоёр хүний дөрвөлжин булш нь эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой дурсгал юм. Сонирхуулахад, 2022 оны дөрөвдүгээр сард тус уулыг хамгаалахаар байгуулагдсан ТББ соёлын өвийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, Дундговь аймгийн ИТХ-ын хурлаар батлуулж байжээ. Энэ төлөвлөгөөнд Дэл уулын соёл мэдээллийн төв байгуулах, зарим хадны зургийг хувилж музейнүүдэд тараах зэрэг 26 ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээрээ тус уулын хадны зургийг зөвхөн түүхийн олдвор гэж үзэн судалгаанд ашигладаг байсан бол өдгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сургалтын үзүүлэн, урлагийн бүтээл, музейн үзмэр, лого, дизайн зэргээр өргөн хүрээнд ашиглах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.