images

Италийн хөлбөмбөгчин Жанлука Замбротта Монголд ирнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-24


    Италийн шигшээ багийн хамгаалагч асан, 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэж байсан хөлбөмбөгчин Жанлука Замбротта Монголд ирэхээр болжээ. 2006 оны дэлхийн аварга тэрбээр Италийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний гол тоглогчоор ДАШТ-д гурван удаа, ЕАШТ-д гурван удаа, нийт 98 удаа тоглолтод оролцсон бөгөөд "Barcelona", "Ac Milan", "Juventus" багуудад тоглож байсан юм. Түүний Монголд ирэх зорилго нь есдүгээр сарын 9-14-ны өдрүүдэд монгол хүүхдүүдэд хичээл заах хүндэт зочноор уригдсан явдал юм. "Italian soccer camp-2023" хэмээх уг сургалтыг тэрбээр Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн дасгалжуулагчидтай хамтран тав хоногийн турш Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбай, БЗД-ийн 15 дугаар хорооллын хөлбөмбөгийн талбайд зохион байгуулах юм. Ингэхдээ наймаас 14 насны 120 охид, хөвгүүдэд тусгай хөтөлбөрөөр хувийн техник, багийн тактикаасаа заах гэнэ. Мөн үүний зэрэгцээ хүндэт зочноор хүүхэд багачуудад зориулсан хөлбөмбөгийн чөлөөт үзүүлбэрийг цуврал хичээлийг өөрийн цахим хаягаараа бэлтгэн хүргэдэг Сван Ритосса уригдаж ирэх юм. Тэрбээр 2022 оны Италийн хөлбөмбөгийн чөлөөт үзүүлбэрийн аварга, Европын дэд аварга, Мастер Вена 2018 тэмцээний гуравдугаар байранд шалгарч байв. Сонирхуулахад, сургалтад хамрагдах хүүхэд бүрд ивээн тэтгэгчийн лого байршуулсан тоглолтын бүрэн хувцсыг дурсгаж, гэрчилгээ гардуулах бөгөөд гурван хүүхдийг сонгон шалгаруулж, ирэх 10 дугаар сард Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн наадамд оролцох эрхээр урамшуулах гэнэ. Хөлбөмбөгчин хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг "Career number" аппликэйшнээр бүртгэж буй.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.