"Монполимет" групп Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусгалаа
Чихэнд чимэгтэй
2023-08-22
Хөгжлийн банкнаас 2015 онд тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөгийн зээл авсан "Монполимет" групп энэ сард зээлээ төлж дуусгалаа. Тухайн үед "Монцемент" цогц үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр авч байсан энэ зээлийг ханшийн алдагдалтай нь хамт 260.2 тэрбум төгрөг болгон төлжээ. Тус групп 40 удаагийн эргэн төлөлтөөр зээлээ төлж дуусгасан нь энэ бөгөөд наймдугаар сарын 13-нд “Монцемент” цогц үйлдвэрийнх нь найман жилийн ойн баяр болсон юм. Уг цементийн үйлдвэр нь Монголд анх удаа ISO9001:2015, ISO45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, онлайн захиалгын систем, аппликейшн, захиалгаа хянах боломжтой GPS системийг хөгжүүлсэн тухай компанийнхаа фэйсбүүк хуудаст нийтэлсэн байна. Мөн тус үйлдвэр байгуулагдсанаар улсад 60 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй үндэсний ханган нийлүүлэгч жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны олгосон зээлийн 53 орчим хувь нь чанаргүй зээлд тооцогдож буй бөгөөд түүний ихэнхийг буюу 204 тэрбум төгрөгийн зээл авсан “Эрэл”, 381 тэрбум төгрөгийн зээл авсан “Хөтөл” компани огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.