images

Япончууд: Дэлхийн II дайнд бууж өгсний 78 жилийн ойгоо тэмдэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Япон улс өчигдөр буюу наймдугаар сарын 15-ны мягмар гарагт Дэлхийн II дайнд бууж өгснийхөө 78 жилийн ойг тэмдэглэж, энх тайван хамгийн чухал болохыг дахин санууллаа. Учир нь, 1945 оны наймдугаар сарын 15-нд эзэн хаан Хирохито олон нийтийн радиогоор дайнд бууж өгч буйгаа зарлаж байжээ. Харин тухайн оны есдүгээр сарын 2-нд Токиогийн эрэгт нэгдсэн үндэстнүүдийн төлөөлөгчид цугларч албан ёсоор дайн дууссаныг зарласан юм. Иймд дайныг дуусган энх тайван цагийг бүтээж, уг дайны улмаас амь үрэгдэгсэдийг дурсан, хагацаж үлдсэн ар гэрийнхнийг нь хүндэтгэх ёслолыг хийсэн байна. Тухайлбал, тус дайнд гурван сая гаруй япон байлдагч амь үрэгдсэн тухай Ерөнхий сайд Фүмио Кишида Засгийн газрын зохион байгуулсан ёслолын үеэр дурслаа. Тэрбээр “Бид дахиж дайны сүйрлийг давтах ёсгүй. Бид сэтгэл зүрхэндээ түүхийн гүнзгий сургамж авч дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л боломжоороо зүтгэсэн” гэв. Мөн эзэн хаан Нарүхито “Дайны дараах урт удаан энх тайван цагийн өндөрлөгөөс эргэн харахад энэ бүхэн бидний өнгөрсөнд тусгалаа олж, гүн гэмшил төрүүлж байна. Тиймээс би чин сэтгэлээсээ дайны гарз сүйрэл дахин давтагдахгүй гэдэгт итгэдэг” гэлээ. Дэлхийн II дайн дууссаны 78 жилийн ойн энэ ёслолд хар салхины улмаас 1800 гаруй хүн ирж оролцож чадаагүй бөгөөд биеэр оролцсон хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд аж. Дайнд үрэгдэгсэдийн ар гэрийнхний хамгийн өндөр настай нь 104 настай байсан аж. “The Japan Times” сонины мэдээлснээр дайны үед Хятадад амиа алдсан цэргийн хүү 83 настай Тэрүо Ёокота “Гэр бүлийнхнээсээ хагацаж үлдсэн бид өнөөгийн энх тайван амьдралаа дайнд үрэгдэгсэдийн золиос дээр босгосон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй” хэмээн ярьжээ. Уг ёслолд Засгийн газрын гишүүд, улс төрийн намынхан мөн оролцсон бөгөөд тэд чимээгүй залбирал үйлдэж, төрийн дууллаа сонсоцгоосон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.