Дубай хотын “Waterfront” худалдааны төвд монгол хонины мах худалдаалж байна
Чихэнд чимэгтэй
2023-08-15
Монголын “Grass-fed Mongolian Lamb Meat” компани Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын “The Waterfront Market Dubai” хүнсний худалдааны төвд энэ сарын 1-нээс эхлэн халал аргаар бэлтгэсэн хонины мах худалдаалж эхэллээ. Анх 1958 онд “Deira” загасны зах нэрийн дор нээгдэж 2017 оны дунд үед одоогийн өнгө төрхөө олсон тус худалдааны төв Дубайн хамгийн том хүнсний захад тооцогддог. Тус хотын төвд оршдог уг худалдааны төвөөр сард дунджаар 800 мянган хүн үйлчлүүлдэг бөгөөд хоолонд дуртай жуулчдын аяллын маршрутад багтдаг газар ажээ. Дээд зэрэглэлийн чанартай, цоо шинэ мал, загас, шувууны мах, хүнсний ногоо, жимс худалдаалдгаараа алдартай энэ төвийн мах, шувууны махны тасгийн B-48 дугаар лангуун дээр монгол хонины махыг ийнхүү анх удаа борлуулж эхэллээ. Иймд наймдугаар сарын 5-нд Элчин сайд Ш.Отгонбаатар “Waterfront” хүнсний худалдааны төвд очиж лангуугаа нээсэнд нь баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна. Уг лангуун дээр монгол хонины махыг 0.5 кг нь 16 дирхам буюу 15200 орчим төгрөгөөр худалдаалж буй аж. Мөн хонины гулууз махыг нэг кг-ийг нь 28 дирхам буюу 26500 төгрөгөөр тооцон худалдаалж хоолны газруудад нийлүүлж байна. Манай улс 2022 онд тус улсад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх албан ёсны зөвшөөрлийг авч, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн махаа нийлүүлэх болсон юм. Энэ аргаар бэлтгэсэн мах нь шингэн ягаан өнгөтэй бөгөөд цус хурдаггүй, удаан хадгалахад өнгө нь харладаггүй ажээ. Одоогийн байдлаар манай улс 24 улсад малын мах экспортолж буй.
"Waterfront" хүнсний худалдааны төвийн B-48 дугаар лангуун дээр худалдаалж буй халал аргаар бэлтгэсэн монгол хонины мах.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.