Булган: “Айраг” фестивальд 30 мянга гаруй жуулчин оролцжээ
Чихэнд чимэгтэй
2023-08-15
Булган аймагт хөхүүрийн айраг исгэх уламжлалт аргыг сурталчлан таниулах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлэх, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2008 оноос хойш “Айраг” фестивалийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ хүрээнд уг арга хэмжээ өнгөрөгч 12-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булаг хэмээх газар болж өндөрлөлөө. Фестивалийн хүрээнд монгол дэмбээчид, хурдан морьдын уралдаан, cурын харваа, айраг уух, хос морьтон шалгаруулах, шагайн харваа, эмнэг сургах, соёлын хөтөлбөр, хүчит бөхийн барилдаан, шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг уралдаан тэмцээнүүд болжээ. Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад дотоодын 30 мянга гаруй жуулчдад сонирхуулсан байна. Сонирхуулахад, монголчуудын адууны соёлын “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Колумби улсын Богота хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын хурлаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.
Гэрэл зургийн эх сурвалж: Соёлын яам
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.