Хэнтий: Аварга тосон нуурыг сэргээхэд 966.2 сая төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-08-15
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон нуурыг сэргээх ажил 25 хувьтай байгааг Хэнтий аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ. Энэ хүрээнд тус ажлыг гүйцэтгэгч “Престиж инженеринг” компани өнгөрсөн гуравдугаар сараас босоо шүүрүүлийн байгууламж, нуурт цутгах гадаргын усны байгалийн голдирлыг сэргээх, ариун цэврийн байгууламж, нуурын хашааг сэргээн засварлах ажил болон авто машины зогсоол, тохижилтуудыг хийж эхэлжээ. Сумын төвөөс баруун хойш таван километрт оршдог уг нуур орчноосоо нам хонхорт байх ба 300 метр урт, 250 метр өргөнтэй юм. Өнгөрсөн оны байдлаар Аварга тосон нуурын усны дундаж гүн 50 хувь, усны эзлэхүүн 60 хувиар тус тус багассан байна. Иймд нуурыг бохирдолт, ширгэхээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, эмчилгээний чанарыг алдагдуулахгүй байхаар нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах ажлыг хийх аж. Аварга тосон нуурыг сэргээхэд улсын төсвөөс 966.2 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ онд хэрэгжиж дуусна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.