Монгол улс АНУ-тай тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Чихэнд чимэгтэй
2023-08-04
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 2-6-ны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан айлчлал хийж буй билээ. АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж өчигдөр ерөнхий сайдад бараалхаж хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцжээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж шууд нислэг үйлдэхээр болсон нь хоёр орны аялал жуулчлал, бизнесийн салбар өргөжих боломжийг нэмэгдүүлсэнд баяртай байгаагаа хэлсэн байна. Түүнчлэн “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн нэгдсэн улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр тал төлөөлөгчдөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллаж, энэ салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хамтарсан судалгаа хийж, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжихээр болов. Энэ нь авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлийг хамарсан хамтын ажиллагааны санамж бичиг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.