Даншиг наадам ирэх сарын 5, 6-нд болно
Чихэнд чимэгтэй
2023-07-31
Монголчуудын өв соёлын "Даншиг-Хүрээ цам" наадам ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдаа явагдана. Түүнчлэн наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах аж. Даншиг наадмыг зорин ирсэн монгол туургатан бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцох боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй байхаар журамлажээ. Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.